© Ардчилсан нам. 2011-2025
3 цаг /

Ч.Лодойсамбуу: Ардчиллыг амьдруулах цорын ганц арга бол ардчиллынхаа үнэт зүйлст үнэнч байх явдал


“Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн ололт амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр Ардчилсан намын төлөөллүүд өчигдөр Хэнтий аймагт чуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 15 бол Олон улсын ардчиллын өдөр. Дарлагдсан олны зүрхэнд хонхны дуу хадааж талын нүүдэлчдэд ардчилал эрх чөлөөг нь сэргээн босгож өгсөн ардчиллын алтан хараацай, ахмад партизанууд, өвлүүлэн түүчээлж, сахин хамгаалж байгаа үе үеийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ардчилалдаа итгэж эрх чөлөөгөө эрхэмлэдэг хүн бүхэнд Олон улсын ардчиллын өдрийн мэнд хүргэе.

35 настай идэрхэн ардчилал өнөөдөр биднээс

–Та үнэхээр ардчилалдаа итгэдэг үү? хэмээн цөхөрсөн дуугаар асууж байна.

-Итгэдээг гэж үнэн голоосоо хариулсан ч

-Үнэхээр үү? хэмээн лавлаж байна. Хэрэв та “тиймээ” гэж хариулвал ардчилал танаас ийн тодруулж байна.

Тийм бол яагаад Ардчилсан хувьсгал өрнүүлж Ардчилсан Үндсэн хуулиар төр улсаа төвхнүүлсэнээс хойш 35 жил өнгөрч байхад Монгол хүн үг хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь бүү хэл өөрийнхөөрөө чөлөөтэй бодох ч эрхгүй цагдуулсан хэвээрээ байгаа юм бэ? Чөлөөт хэвлэл чөлөөтэй байсныхаа төлөө яагаад цагдаад дуудагдаж, эрүүгийн ял тулгуулж, төрийн хэвлэлтэй нэг тогоонд өрсөлдөн өндийх гэж тийчилж байгаа юм бэ?

Хэрэв таны хариулт тийм юм бол яагаад 35 жилийн дараа ч Монгол хүн Монголдоо хөдөлмөрлөөд хөлжиж болохгүй төрдөө дээрэлхүүлж, хоолныхоо мөнгөнөөс хугаслан дээрэмдүүлж, өмч хөрөнгөө хураалган, гадаад орны виз горьдоод адилхан ардчилсан орны консулын газрын үүд сахиад мянга мянгаараа дугаарлан зогсож байгаа юм бэ? Яагаад төр өөрөө компани байгуулж салбар бүрт бизнес хийгээд, тэдгээр нь аль хэдийн дампуурчихаад байхад татварын мөнгөөр татаас өгөн тэжээж хувийн хэвшлээ зах зээлээс шахан сөхрүүлээд байгаа юм бэ? Яагаад 35 жил өнгөрчихөөд байхад хөдөлмөрлөх насны нийт иргэдийнх нь бүтэн 20 хувь нь төсвийн цалингаа чамлан чамлан төрийн албанд ажиллаж байгаа юм? Яагаад ардчилсан орны төр ард түмнээсээ ч том байгаа юм бэ? Яагаад төрийн албаныхан бизнес эрхлэгчдээсээ ч тансаг хангалуун амьдарч байгаа юм бэ?

Та ардчилалдаа үнэхээр итгэдэг юм бол яагаад 35 жил өнгөрсөн байхад Тусгаар Монгол улс түлэх түлш, тог цахилгаан, идэх хоолоо хүртэл айлаас горьдсон хэвээрээ байгаа юм бэ? Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүл гэж сонгуулиар төр байгуулсан хэрнээ яагаад Монголчууд гэртээ унтаад сэрэхгүй байх хэмжээний гамшиг дунд амьдарч байгаа юм бэ? Яагаад эрх баригчид ард түмнээс сонгогдсон парламентыг хууль, хүчний байгууллагаар далайлган дарамталж байхад Ерөнхийлөгчийн сануулга аа гээд хэвийн зүйл шиг хээв нэг яриад сууж байгаа юм бэ?

Өсч өндийх гэж хал үзэн тэмцэн зогссон ч урагшаа нэг алхаж үзээгүй 35 настай идэрхэн ардчилал бүрэн чадлаа үзүүлж ч амжилгүй “Монголд ардчилал тохирохгүй нь ээ” гэдэг дүгнэлт сонсоод, тэрэнд нь толгой дохих олны тоо улам олон болж байгаагийн шалтгааныг биднээс ингэж асууж байна. Бид цөм “харин тийм ээ” гэж хариулахдаа тоо томшгүй олон тайлбар тавина. Үнэндээ бид ардчиллынхаа үзэл санаанд итгээгүй. Итгэсэн нэгэндээ ч итгээгүй. Бүр өөрөө өөртөө ч итгээгүй. Итгэдэггүй. Өөртөө, өөрсдөдөө итгээгүй учраас сонгогч олон итгэлээ өгөөгүй. Сонгогчдын итгэлийг олоогүй тул сонгуульд ялаагүй. Парламентын есөн сонгуулийн хоёрт нь л ялсан учир босгосон төрүүлсэн ардчиллаа зөв бойжуулж чадаагүй.

Өөртөө л итгэхгүй бол өрөөл бусад нь биднээс үргэлж том, айдас хүргэм байх нь хорвоогийн жам. Зуун жил гэдэг тооноос нь, тогтсон, тогтоосон системээс нь айж, айсандаа өөрөө ч мэдэлгүй бахдан биширсээр ардчиллыг хүсдэггүй, хүлээн зөвшөөрдөггүй бүлэг хүмүүст ардчиллынхаа хувь заяаг тушаачихаад гучин жил гомдоллож байна.

Тийм болохоор л ардчиллыг хэмждэг, байж болох бүх л үзүүлэлтээр үсрэнгүй ухраад ардчилсан Монголоо сонгуулийн автократ улс боллоо гэж дэлхийд дүгнүүлээд сууж байгаа юм. Ардчилал бол бие даах, биеийг нь даалгах тухай ойлголт. Хариуцлагаар дархлаажаагүй эрх чөлөө өөрөө эрх чөлөөний дайсан.

Ардчиллыг амилуулж, асран хамгаалж, бойжуулж чадаагүй бол буруу нь биднийх л болохоос айлынх биш. Бид сонгуулиар айлын хүүхдүүд шиг мөнгөтэй биш, угсарсан сүлжээгүйдээ ялагдсан гэж байнга гомдоллодог. Үнэндээ бид мөнгөгүйдээ биш ялгарах өнгөгүйдээ ялагддаг. Энэ үнэнийг сонгуулиас сонгуулийн хооронд санал авах байранд очдог хүмүүсийн тоо улам цөөрсөөр байгаа тоон статистик, бидний авсан саналаас давсан цагаан хуудасны жишээ бидэнд хангалттай хэлж байгаа.

Залуус залхуудаа, хэнэггүйдээ, мөнгөнд хууртсандаа сонгуульд оролцохгүй байгаа юм биш. Эрх чөлөөг нь хумих зуун жилийн бодлоготой намаас бидний үг үйлдэл ялгарахгүй байгаа болохоор л сонголт хийж чадахгүй байгаа юм. Хэрэв мөнгөтэй, сүлжээтэй нь л сонгуульд ялдагсан бол өнөөдөр Ардчилсан нам парламентад 42 бүү хэл 4 суудал ч авахгүй байх байсан. Ардчилалдаа итгэдэг, эрх, эрх чөлөөндөө хайртай хүмүүсийн Ардчилсан намд найдсан найдлага арай тасарчихаагүй байгаа учраас л бид тэднийхээ итгэлээр өнөөдөр төрийн эрх барилцах хэмжээнд дахин хүрсэн юм.

35 настай идэрхэн ардчилал одоо биднээс, Ардчилсан намынхнаас асууна. Та ардчилалдаа ер нь итгэх үү? Эрх чөлөөний үзэл санаатны эрхэм тэр эрх чөлөөг нь уул овоо шиг их мөнгө, эд баялаг байсан ч булааж авч чадахгүй энэ жам ёсыг ойлгодог л юм бол одоо нөгөө айл шиг сүлжээтэй болъё, санал худалдаж авах хэмжээний мөнгөтэй болцгооё гэх биш ардчилсан намынхаа туг болсон үзэл санаандаа, итгэл үнэмшилдээ, зарчимдаа бат суух уу? гэж асууна. Магадгүй та бодно. Чадах уу? гэж асууна. Та “чадна” гэж хариулна. Гэвч 35 нас хүрсэн хэрсүү ардчилал бидний энэ үгэнд хэдийнээ итгэхээ больсон. Одоо, яг өнөөдөр энэ үгэндээ суух үйлдэл нэхэж байна. Та бид харин юу хийхээ мэднэ.

Яг одоо, биднийг энд, тал нутагт ардчилсан их гүрнийг цогцлоон байгуулсан Их Эзэн Богд Чингис хааныхаа өлгий нутгаас эхэлсэн ардчиллын дараагийн давалгааг хэрхэн үргэлжлүүлэх тухай ярьж байхад тэнд Улаанбаатарт ардчилал, эрх чөлөөг үнэн голоосоо үздэггүй хөгшин залуу дарангуйлагчид сүх сэлмээ булаалдаж байна. Хагаралдаж байна. Хатгалдан байлдаж байна. Ардчилсан нам энэ хагарлынх нь нөхөөс болохгүй гэдгээ үйлдлээрээ үзүүлэх ёстой. Дарангуйлагч л төрүүлдэг тэр савнаас эрх чөлөөг эрхэмлэгч төрөхгүй юм байна гэдгийг бүх монголчууд хангалттай харсан. Одоо хөгшин, залуу аль ч дарангуйлагчийнх нь удахгүй бидэнд тавих саналаас Ардчилсан нам эрс татгалзах ёстой. Ардчилалдаа итгэдэг, эрх чөлөөгөө эрхэмлэгч, эх оронч хүн бүхэн Ардчилсан намын шийдвэр гаргах байгууллагаас үүнийг нэхэх хэрэгтэй. Шаардах хэрэгтэй. Бид тэдэнтэй эвсэж үзсэн. Хамтарч ч үзсэн. Улс төрөө зогсооё, улсаа бодъё, ажил хийе гээд үнэн сэтгэлээсээ зүтгэж үзсэн. Итгэж үзсэн. Харамсалтай нь хамаг ажлаа хийлгэж аваад хөөсөн. Бид хамтарсан Засгийн газарт уригдаж ороод урагдаад гарсан. Бидний нөхөд Улсынхаа Ерөнхий сайдад зарчмын шүүмжхэлсэний төлөө тэдний нам урилгаа урж хаясан. Итгэл эвдсэн. Одоо хамтарсан Засгийн гол ажлуудыг нугалсан манайхныг нэг танхимд сууж байсан сайд нар нь хүртэл гэмт хэрэгт буруутган чичилж байна. Ардчилсан нам дахиж тэдний хулгайгаа нуух халхавч, буруугаа далдлах нуувч, дарангуйлагч төрхөө нуух баг нь болж чимээгүй суухгүй.

Монгол ардын нам сонгуулиар олонх болсон. Үндсэн хуулийн дагуу тэд Засгийн газраа дангаараа байгуулах ёстой. Сонгогч олон биднийг мөнхийн сөрөг хүчин байгаасай гэж биш ялаасай, ялаад ардчилсан мөрийн хөтөлбөрөө ажил болгоосой гэж итгэж саналаа өгсөн. Гэвч бид цөөнх болсон. Одоо цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Маргаашийн сонгуулиар олонх болохын төлөө, авлига хулгайн хөл дороос Монголоо босгохын төлөө өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг нэр төртэй гүйцэтгэх ёстой. Ардчилсан нам ардчилсан парламентийг ардчилалтай байлгая гэсэн олны итгэлийг даах ёстой. Олны итгэлийг цөхрөл болгох эрх бидэнд байхгүй.

Хоёрдугаарт, Ардчилсан нам ардчиллын нэрээр ашиг хонжоо эрдэг авлигач, хулгайч нарын хамгаалалтын алба биш гэдгээ нотлон үзүүлэх ёстой. Ардчилсан нам бол авлигын эсрэг нам. Аварга төрийн эсрэг нам. Эрх чөлөөний үзэлтнүүдийн нам гэдгээ үйлдлээрээ харуулах ёстой. Ардчилсан намын нэрээр аваагүй алба үлдээгүй цөөн хэдэн хүн 200 мянган гишүүнтэй улс төрийн хүчнийг ахуйн сонирхолдоо, өс хонзондоо хэрэглэдэг байдалд одоо цэг тавих ёстой. Тэгэж байж бид ардчилалдаа өөрсдөө итгэдэг гэдгээ, ардчилсан намд итгэдэг хүмүүсийн итгэлийг даана гэдгээ харуулах учиртай. Ардчилалд итгэдэг олны итгэлийг бүрэн авахын тулд бид өөрсдөө аль нэг хүний биш ардчиллын төлөө нам гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Ардчилсан намын ялалт бол эрх чөлөөт ард түмний ялалт, Ардчилсан намын ялагдал бол эрх чөлөөт монголчуудын ялагдал юм байна гэдгийг цөхөрсөн олон хангалттай сайн харж аж амьдралаараа мэдэрч ойлгож байна.

Эцэст нь, 35 настай идэрхэн Ардчилал биднийг үнэхээр ардчилалдаа итгэж байгаа, цаашид ч итгэх юм бол одоо хэн нэгний өлмийд биш тугандаа суух ёстойг сануулж байна. Цаасан дээр хэвлээд цааш нь далд хийчихсэн Үзэл баримтлалаа өөрсдөө үзэж ягштал баримталдаг болох ёстойг анхааруулж байна. Ардчиллыг амьдруулах цорын ганц арга бол ардчиллынхаа үнэт зүйлст үнэнч байх явдал. Үнэт зүйл, үзэл санаагүй л бол ялалт байгаад ч утга учиргүй. Ялагдлыг ч даван туулж чадахгүй.

Ардчилалтай хамт төрж ардчиллаар хүмүүжиж өсчихөөд эрх чөлөөгөө булаалгаж эх орноосоо дайжиж байгаа залуус өнөөдөр Ардчилсан намыг гундсан итгэлийг нь сэрээгээсэй л гэж хүсч байна. Тэд биднийг дэмжихэд бэлэн байна. Гагцхүү бид тэдний дэмжлэгийг авахдаа бэлэн гэдгээ үзүүлэх цаг ирээд байна аа.

Ардчилсан намын эрхэм анд нөхөд, хамтран зүтгэгчид ээ.

Цөхөрсөн олны итгэлийг сэрээ.

Хонхны дуу Зоригийг бадраа!