© Ардчилсан нам. 2011-2025
4 цаг /

Н.Ганибал: Манай нам өөрсдийн үнэт зүйл, үзэл санааны манлайллаа орхигдуулсан цаг хугацаанд Монголын ардчилалд тодорхой орон зай, үзэл санааны өөрчлөлт дутагдсан


 Дотооддоо өрнөсөн асуудлаасаа болж манай нам өөрсдийн үнэт зүйл, үзэл санааны манлайллаа тодорхой хугацаанд орхигдуулсан. Тэр цаг хугацаа бол Монголын ардчилалд тодорхой орон зай, үзэл санааны өөрчлөлт дутагдсан он жилүүд байсан
"Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн ололт амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр Ардчилсан намын төлөөллүүд өнөөдөр Хэнтий аймагт чуулж байна. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибал “Өнгөрсөн найман жилийн хугацаанд дотооддоо өрнөсөн асуудлаас болж манай нам өөрсдийн үнэт зүйл, үзэл санааны манлайллаа орхигдуулсан. Тэрхүү орхигдуулсан цаг үе бол зөвхөн Ардчилсан намын цаг хугацаа байгаагүй. Монголын ардчилалд тодорхой орон зай дутагдсан, үзэл санааны өөрчлөлт Монголд дутагдсан он жилүүд байсан. Аливаа улс төрийн намууд дотоод эв нэгдлээ байнга хангаж байх ёстой. Дотоодын тэмцэл нь зөвхөн тухайн намын асуудал биш, улс орны асуудал болдог. Өнөөдөр Монголын улс төрийн зарим намууд дотоод нэгдэлгүй, хоорондоо муудсан, бие биен рүүгээ дайрсан байдалтай байна. Үүнийг манай нам мэдэрч туулсан, гашуун туршлага бий. Тиймээс улс төрийн намд эв нэгдэл юу юунаас илүү чухал. Мөн үзэл санаагаа, үйл хэргээ, Монгол Улсын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хувийн өмчийг хамгаалах, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө Монголын бүх улс төрийн намууд тэргүүн зорилгоо болгож ажиллах ёстой.
Лу.Гантөмөр дарга бол манай намын эв нэгдлийг хангаж чадсан хүн. Бид одоо О.Цогтгэрэл даргатайгаар “эрх чөлөөний эргэлтийн үед”-ээ ирээд байна. Тиймээс бид үйл хэргийнхээ бэлгэшээлийг бодож Их Монгол Улсын гал голомт, эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас Ардчилсан нам үзэл санааны эргэлт, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, дэлгэрүүлэхээр өнөөдөр чуулж байна.
2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар тогтсон. Олон улс орон ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, бэхжүүлэхэд төвлөрч байна. 2008 оноос дэлхийн улс орнууд “Олон улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Бид өнөөдөр ардчиллын үзэл санаа, үйл хэргийн сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж байна. Маргааш Азийн баруун төвийн намуудын эмэгтэй гишүүдийг хүлээн авна. Ардчиллыг хамгаалах үйл хэргийг бусад улс орнууд хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа талаар санал солилцохоор төлөвлөсөн. Энэ мэтээр бид шат дараалсан олон уулзалтыг хийнэ” хэмээн ярилаа.