© Ардчилсан нам. 2011-2024
2024/04/25 / Үйл явдал

“Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын бага хурал албан ёсоор эхэллээ


“Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын бага хурлыг нээж Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр үг хэллээ. 

Олон Улсын Ардчилсан Холбооны Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Эрхэмсэг ноён Тони Клемент,

Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст,

Энэхүү хуралд оролцож буй АН-ын гишүүд,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монголын ардчиллын хувь заяа, цаашилбал Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан хөгжил, чөлөөт сонголтын төлөө сэтгэл гарган хүрэлцэн ирж, энэхүү хурлын үйл ажиллагаанд оролцож буй та бүхэнд АН-ын удирдлагын өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

Өнөөдөр Олон Улсын Ардчилсан Холбооны (IDU) Бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж байна. Энэ хурлын онцлог нь "Монгол улс-Ардчиллын баян бүрд" сэдвийн хүрээнд Ардчилсан намтай хамтарч зохион байгуулж буй явдал юм.  Хурлаар монголын ардчиллын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх,  ардчиллыг хэрхэн сахин хамгаалж, хөгжүүлэх гээд өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ. IDU-н хурал манай улсад болж буй нь Ардчилсан намын, цаашлаад Монгол улсын  нэр хүндтэй салшгүй холбоотой томоохон үйл явдал юм. 

Цухас сонирхуулахад "IDU" буюу Олон Улсын Ардчилсан Холбоог 1983 онд Баруун төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намууд нэгдэж байгуулжээ. Өдгөө 84 улсыг хамарсан Баруун төвийн үзэл баримтлал бүхий тус байгууллагыг Рональд Рейган, Маргарит Тетчер, Жак Ширак, Хельмут Коль  гээд дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн тухайн үеийн лидерүүд үүсгэн байгуулалцжээ.